Японы баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн нас барж, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байгаа талаар “NHK” суваг мэдээллээ. Тус хэвлэлд мэдээлснээр, одоогоор гурван хүн нас барсанд тооцогдож байгаагийн дотор Такацуки хотын есөн настай охин сургуулийн бассейны нурсан хананд дарагдсан байжээ.
Өмнө нь мэдээлснээр, даваа гаригийн өглөө 6.1 магнитудын хүчтэй газарт хөдлөлт болсон бөгөөд Осака болон бусад хотод хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна. Хурдны "Синканксэн" галт тэргээс эхлээд төмөр замын хөдөлгөөн зогсож, Осакагийн нисэх буудал нислэгүүдээ цуцалж, Осака болон Хёга хотын дүүргүүдэд 170 мянга орчим байр орон сууцны цахилгаан хангамж тасарчээ. Тус улсын Засгийн газраас газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахаар Яаралтай тусламжийн төв нээсэн байна.