Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Австралийн Холбооны Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Таня Лоуренсыг Австрали, Монголын парламентын найрамдлын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэж, цаашид хоёр улсын найрсаг харилцааг хууль тогтоох байгууллагуудын шугамаар өргөжүүлэн хөгжүүлэх, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг зохион байгуулах, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, энэ хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Таня Лоуренс УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай санал нэг байгаагаа илэрхийлж, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.