Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа. Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн нь бусад төрлийн экспорт эзэлж байна.
Энэ үеэр "Астра рүүт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбат "Эмийн ургамлын экспортыг манай улс хөгжүүлэх бүрэн боломжтой байна. Энэ салбарт маш том боломж байна. Ковидоос хойш эрэлт маш их нэмэгдсэн. Үнэ ч өссөн. Өмнө нь 1000 га-д эмийн ургамал тариалж байсан бол энэ жил 2000 га-д тариалж байна. Бид бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, БНСУ-руу гаргаж байна. Нэмээд Тайваньруу экспорт хийх захиалга ирсэн. Цаашид татварын бодлогоор дэмжээд өгвөл бидэнд дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байна" гэв.