Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж, өндөрлөлөө
6 сарын 19, 2018

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.

Форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ удаагийн форумаар үндсэн сэдвийн хүрээнд хотуудын дарга нар чухал ач холбогдолтой илтгэлүүд тавьж, түүнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаагийн Форумын нэг онцлог нь Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулж, байнгын ажиллагаатай ажиллуулахаар болсон. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо.

Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй байдаг ОХУ-ын хотуудын туршлага сонирхолтой байлаа. Энд тавигдсан бүх илтгэлүүдийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгоно. Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар тэргүүн туршлага, инноваци нэвтрүүлж байгааг бид хэрэгжүүлэх боломжтой болж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улс орны хэмжээнд дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтай асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг өргөн хүрээнд ярилцсан. Түүнчлэн нэг чухал асуудал бол агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотны санхүүжилтийг хэрхэн татах ёстой, олон улсын хэмжээнд ногоон сангийн санхүүжилт ямар хэмжээнд байдаг. Түүнээс санхүүжилт авахын тулд хотууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцсан” хэмээв.

Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачилан, амжилттай зохион байгуулсан ноён С.Батболд танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, хамтын гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломж байна. 2020 онд зохион байгуулагдах дараагийн форумыг Сөүл хотдоо зохион байгуулах эрхийг өнөөдөр авсандаа их баяртай байна. 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэдгээ хэлмээр байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.