Д.Сугарыг АТГ шалгах уу
6 сарын 22, 2018

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болсон тул “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн хэргийн үнэн мөнийг  олох боломж нэг алхмаар урагшиллаа гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Гэтэл Цэцийн экс гишүүн Д.Сугарын саяхан хэвлэлийнхэнд өгсөн тайлбараас үзвэл АТГ-ынхан түүнээс дээрх хэрэгтэй холбогдуулж, өнөөг хүртэл нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй байгаа ажээ. Өмнө нь дээрх хэрэгтэй холбогдуулж АТГ “Жаст”-ын Ш.Батхүүгээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг саатуулан шалгасан. Энэ үед тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Сугар л хэргийн зангилааг тайлах гол хүн хэмээн яригдаж байсан. Гэсэн ч Цэцийн гишүүн тул хуулийнхны хувьд тайлбар авах эрхгүй байсан юм.  Тэгвэл одоо нэгэнт Цэцийн гишүүний бүрэн эрх дууссан учир  шалгах эрх нээгдсэн. Гэсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар аваагүй нь хаана хаанаа хардлага төрүүлээд байгаа бололтой. Тэр ч битгий хэл нөгөө л Ш.Батхүү бүх хэргийг ганцаараа үүрээд өнгөрнө биз гэх яриа ч гарчээ.

Хэдэн жилийн өмнө МИАТ компанийн удирдлагууд дайны эрсдлийн сангийн мөнгө нэрээр ихээхэн хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, шалгагдахад Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын нэр холбогдсон. Гэвч тэрбээр энэ хэрэгт холбогдолгүй болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, дархлагдсан юм.

Харин одоо “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн хэрэгт  холбогдолгүй гэдгээ нотлохын тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шиг өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандвал энэ хэргийг мухарлахад дэмтэй биз.