Монгол сэтгүүлчдийг Солонгос улсад сургах санал тавилаа
6 сарын 22, 2018

    БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар зургадугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Тус айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүл зүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт оруулах юм.

 

    Монгол Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчөө харилцан солилцсон байна. БНСУ-ын Сэтгүүлчийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, ул төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээрээ ялгардаг ажээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Энэ удаад Солонгосын сэтгүүлчдийн холбооны хүмүүстэй уулзаж байгаа найрсаг нөхөрлөл дээр тулгуурлан Монгол сэтгүүлчдийн Солонгос улсад удаан хугацаагаар сургах бодлогыг дэмжээч гэдэг санал тавих гэж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд хамтарсан контент бүтээх, контент солилцоог илүү өндөр түвшинд гаргах, сэтгүүлч солилцоог хэрэгжүүлэх зэрэг үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх болно” гэдгээ хэлсэн юм.

    Одоогоор мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр манай улсын 10 сэтгүүлч БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байгаа билээ.