Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, арванхоёрдугаар сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи арванхоёрдугаар сарын 13,14-нд нутгийн зүүн хэсэг, арванхоёрдугаар сарын 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Иймд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.