Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын заагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж байгаа болон дэмжиж байгаа иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд зэрэг хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад байгаа “Эрдэнэ Монгол” ХХК-ийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих, эсэх талаар ахмадууд ба залуучууд гэж хоёр хуваагдаад байгаа гэнэ. Улмаар “Эрдэнэ Монгол”ХХК-ийг дэмжихгүй байгаа ахмадууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох яамдуудадхүргүүлэхээр Улаанбаатар хотод иржээ. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж байгаа Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучуудын хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгохыг мөн л холбогдох яамдуудад уриалахаар хүрч ирсэн байна. Ингээд өнөөдөр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн асуудлаар Баян-Өндөр, Шинэжинст сумын ахмадууд ба залуучуудын дунд багагүй маргаан дэгдэж, хэвлэлийн хурал нь мэтгэлцээн болж хувирав.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар “Баян Хөндий” гэх алтны орд илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ашиглалт малтмал, газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Шинэжинст, Баян-Өндөр суманд хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшүүлэх, залуучуудыгмэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллаж ирснээс гадна “Баян Хөндий” ордынхооашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл 300 гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг түшиглэн ажилтай, орлоготой болохыг хүссэн тус хоёр сумын залуучууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн Шинэжинст сумын залуучуудын төлөөлөл болох Ж.Даваадорж “Манай сумын ахмадууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд байгааг гайхаж байна. Ялангуяа эсэргүүцлийн хөдөлгөөнийг манлайлаад байгаа ахмадууд бол биднийг бага байхаас л сумын алттай гэсэн газар болгохыг сэндийчиж, нинжа хийж явсан хүмүүс. Гэтэл одоо хэзээ ч алт ухаж байгаагүй юм шиг ариун цагаан юм яриад байгааг нь гайхаж байна. Одоо бол цаг үе тэднийхээс өөр болж, уул уурхайн компаниуд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Миний үеийн залуучуудад уул уурхайн компанид ажиллахгүй л бол суманд өөр ажлын байр байхгүй. Энэ ахмадууд биднийг цалинтай, ажилтай болгох юм уу, үгүй шүү дээ. Тийм байж залуучуудынхаа ажилтай, орлоготой болж, амьдралаа дээшлүүлэхэд нь зориудаар саад болоод байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна” гэсэн юм.
Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулдаг нэг компани, хайгуул хийж байгаа 20 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Гэтэл тус сумын ахмадууд ганцхан ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан боловч, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд байгаа нь цаанаа ямар нэг зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж хардаж байгаагаа Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучууд хэлж байлаа.