Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 99 тэрбум төгрөгөөр өссөнийг мэдээллийн үеэр ҮСХ-ны Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов хэлэв.
Мөн тэрбээр "Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257.4 (38.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 (38.3%) тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.7 (17.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд
- Тэтгэврийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 113.7 (16%) тэрбум төгрөгөөр
- Тэтгэмжийн даатгалын сангийн зардал 12.4 (33.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.6 (3.8%) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү олгосон тэтгэврийн хэмжээ 99 (14%) тэрбум төгрөгөөр өссөн" гэлээ.
Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2,170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс
- Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 (1.4%) мянгаар
- Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 (4.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 1,165.3 мянган хүнд 341.5 тэрбум төгрөг олгожээ. Тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62.9 (5.1%) мянгаар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 (6.9%) тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой аж.